Австрали бол гадаад боловсролын салбарт тэргүүлж буй өндөр хөгжилтэй улс. Дэлхийн шилдэг багш профессорууд болон хамгийн сайн орчин үеийн сургах орчин нөхцлийг хангасан өргөн сонголттой чанартай боловсролыг санал болгодог тул гадаадын оюутнуудын анхаарлыг зүй ёсоор татдаг.
Австралид сурах
МЭДЭЭЛЭЛ
Тойм
Австрали улсын их дээд сургуулиуд инноваци, бүтээлч байдал, бие даасан сэтгэлгээг хөхиүлэн дэмждэг. Австралид сурч, амьдардаг гадаад оюутнууд өргөн хүрээний боломжуудыг цогц бүрдүүлсэн найрсаг энэ улсад сурч, амьдарч, өсөн хөгжинө гэдэгтээ бүрэн итгэлтэй байдаг. Сургуулиа амжилттай дүүргэсэн гадаад оюутнууд олон улсын хөдөлмөрийн зах зээл дээр өрсөлдөх өндөр чадвартай боловсон хүчин гэдгээ алхам тутамд мэдэрдэг байна.
Хүн ам: 24.2 сая
Оюутнууд: 1.3 сая. 328,659 нь гадаад оюутнууд.
Хэл: Англи хэл
Цагийн бүс: UTC + 8-аас +10.5
Газар нутаг : 7.692 сая км²
Хичээлийн жил: 2 - 11 сар
Утасны код: +61
Боловсролын систем
Австралийн боловсролын систем нь бага дунд болон мэргэжлийн боловсролоос бүрдэнэ.
Бага, дунд боловсрол
Бага, дунд боловсрол нь Австрали даяар муж, бүс нутгийн онцлогтой үл ялиг ялгааг үл тооцохгүй бол жигд ижил төвшинд олгогддог. Бага, дунд боловсролд 6-16 насны хүүхдүүд хамрагдана. Ангийн хувьд 1-9-р ангиуд зарим тохиолдолд 10-р анги багтана. Ерөнхий боловсрол нийтдээ 13 жилийн хугацаатай дараах 3 шатлалтай явагддаг.
- Бага сургууль – Цэцэрлэгийн бэлтгэл ангийг оруулаад 6, 7 дугаар анги хүртэл 7-8 жил үргэлжилнэ.
- Дунд сургууль – 7-10 эсвэл 8-10 дугаар ангийг оруулаад 3-4 жил үргэлжилнэ.
- Ахлах сургууль – 11-12 анги хүртэл үргэлжилнэ.
Мэргэжлийн боловсрол
Үүнд их дээд сургуулиуд болон техник мэргэжлийн сургууль коллежиуд (VET) аль аль нь багтана.
Визийн мэдээлэл
Австралийн сургуулиудын элсэлтийн шалгуур нь тухайн сургууль, хөтөлбөрөөс хамааран өөр өөр байдаг. Австралид эсвэл өөр улсад эзэмшсэн боловсролын төвшин тооцон үздэг.
Австралид сурахад наад зах нь хангалттай сайн англи хэлтэй байх хэрэгтэй. Оюутны виз авахад англи хэлний мэдлэг шаардах ба Австралийн Цагаачлал, Иргэншлийн газраас зөвхөн IELTS шалгалтыг хүлээн зөвшөөрдөг. Оюутнууд Австралийн засгийн газрын оюутны визэнд тавьдаг үндсэн шалгуураас гадна элсэхээр төлөвлөж буй сургуулийнхаа элсэлтийн тусгай шалгуурыг хангасан байх ёстой.
Оюутны виз, оршин суух зөвшөөрөл
Австралид сурах гадаад оюутнууд оюутны виз авсан байна. Энэхүү визийн олголт нь гадаад оюутны эх орны ангилалаас хамаарах хэдий ч хэд хэдэн үндсэн шалгууруудтай.
Гадаад оюутнууд Австралийн засгийн газраас магадлан итгэмжлэгдсэн мэргэжлийн болон хэлний сургуулийн өдрийн ангид бүтэн цагийн сургалтад бүртгүүлсэн байх ёстой. Мөн эрүүл мэндийн даатгалаа бүрэн хамрагдсанаа нотлох шаардлагатай. Сургуульд ээлсэх зөвшөөрөл нь виз олгох хангалттай үндэслэл биш тул сургалтын төлбөр төлсөн байхыг шаарддаг. Зарим үед нэмэлт өөр шалгуур хангасны дараа Австрали уруу нэвтрэх эрхтэй болдог тохиолдол хүртэл бий.
Оюутны визийн мэдүүлгийг амжилттай өгсөн тохиолдолд олон удаагийн нэвтрэх виз олгогдох бөгөөд оюутнууд виз олгосон хугацаанд (тухайн сургалтын үргэлжлэх хугацаанаас хамаарна) Австрали руу чөлөөтэй ирж очиж болно.
Австралийн оюутны визний талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг Монгол улс дах Австралийн визийн төвийн вебсайтаас авч болно.
Оюутны визтэй гадаад оюутнууд суралцах хугацаандаа тусгайлан ажиллах зөвшөөрөл авах шаардлагагүй. Сургалтын үеэр 2 долоо хоногт 40 цаг, хичээлийн амралтаараа бүтэн цагаар ажиллах эрхтэй. Визийн хураамж 575 австрали доллар. Хураамж өөрчлөгдөж болзошгүйг анхаарна уу.
Карьерын хэтийн төлөв
Та сургуулиа төгсөнгүүт ажил хайхаар төлөвлөж байгаа бол аль салбарт ажлын байрны олдоц их, цалин өндөр болохыг эртнээс мэдсэнээр ажил хөдөлмөрийн гараагаа амжилттай эхлүүлэхэд чухал нөлөөтэй. Харин ч Австралийн хөдөлмөр эрхлэлтийн яамнаас салбар бүрийн ажлын байрны урьдчилсан таамаг мэдээг тогтмол гаргадаг нь их тус дэмтэй байдаг. Жил бүрийн 9-р сард гаргадаг Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн төвлөрсөн сайтын урьдчилсан мэдээ нь ирэх жилд ажилд орохоор хайлт хийж буй хүмүүст шийдвэр гаргахад чухал нөлөөтэй.
Сүүлийн үеийн мэдээгээр Хөдөлмөр эрхлэлтийн яам ирэх 4 жилд ажлын байрны өсөлт 7.2 % -д хүрнэ гэсэн таамаг дэвшүүлээд байгаа.
Чухам аль салбарт ажлын байрны олдоц, боломж их байх бол? гэсэн асуулт зүй ёсоор тавигдана. Одоогоор дараах салбаруудад ажлын олдоц их, карьерийн таатай боломууд нээгдэхээр ажиглагдаж байгаа.
- Боловсрол , сургалт
- Жижиглэн худалдаа
- Барилга
- Эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээ
- Нарийн мэргэжлийн инженерчлэл, шинжлэх ухаан, технологийн салбарууд
Австрали улсад их сургууль төгсөгчдийн ажил эрхлэлт 84-86% төвшинд тогтвортой байдаг. Австралийн их дээд сургуулиуд зэрэг горилж буй гадаад оюутнуудыг глобал топ компаниудад ажлын дадлага, туршлагаас хуримтлуулах дадлагажих хөтөлбөрт өргөнөөр хамруулдаг.
Ажиллах эрх
Австралид сурангаа ажилласнаар сурч боловсрохоос гадна амьдралын туршлага хуримтлуулдаг. Австралид сурангаа цагийн ажил хийх хэд хэдэн шалтгаанууд байдгаас амьжиргааны зардлаа олох, сурч буй чиглэлээр ажлын туршлага хуримтлуулах нь хамгийн чухал нь юм.
Оюутны визтэй гадаад оюутнууд хичээлийн үеэр 2 долоо хоног тутамд 40 цаг улирлын амралт, баяр ёслолын үеэр хязгаарлалтгүй цагаар ажиллах боломжтой байдаг. Та ажилд орохоосоо өмнө өөрт олгогдсон визээрээ ажиллах боломжтой эсэхээ магадлан шалгаарай. Энэ тухай мэдээллийг Австралийн холбогдох яамны вебсайтаас авахыг зөвлөж байна.
Цалинтай цагийн ажил
Австралийн ихэнх салбарын бизнесийн байгууллагууд цагийн ажил санал болгодог. Тухайлбал дараахи салбаруудад цагийн ажил элбэг олдоно.
- Жижиглэн худалдаа – супермаркетууд, хувцас, барааны дэлгүүрүүд
- Нийтийн хоол – кафе, баар, ресторанууд
- Аялал жуулчлал – зочид буудал, мотель
- Хөдөө аж ахуй – газар тариалан, жимс жимсгэнийн фермийн аж ахуй
- Борлуулалт ба телемаркетинг
- Захиргаа эсвэл бичиг хэргийн үйлчилгээ
- Давтлагын ба сургалтын төвүүд
Дадлага хийх
Цалинтай эсвэл цалингүй дадлагажих ажил хийх нь мэргэжлийн болоод банк санхүү, бүтээлч салбаруудтай танилцах таатай боломж юм. Автралийн боловсрол, хөдөлмөр, ур чадварын яамны энэхүү сайтаас дадлагажих салбар газруудын мэдээллийг олж үзэж болно.
Сайн дурын ажил
Австралид буяны болон төрийн бус олон байгууллагууд байдаг. Тэнд сайн дурын туслах ажилтны хэрэгцээ шаардлага байнга гардаг. Энэ нь шинэ найз нөхөдтэй болох, ажлын туршлага олж авах, нийгэмдээ тус дэм, хувь нэмэр оруулах нийгмийн хариуцлагатай үйл хэрэг юм. Сайн дурын ажлын талаарх мэдээллийг эндээс үзэж болно.
Ажилчдын эрх ашиг
Австралид ажиллаж буй бүх хүмүүс түүний дотор гадаад оюутнууд , амралтын ажиллах визээр байгаа гадныхан хөдөлмөрийн харилцааны үндсэн хэдэн хэдэн эрхийг эдэлдэг. Эдгээр нь дараах харилцааг зохицуулдаг.
- Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, илүү цагийн цалин хөлс
- Хууль бусаар ажлаас халах
- Ажлын чөлөө, завсарлага, амралтын хугацаа
- Эрүүл, аюулгүй ажлын байр