Мөрөөдөлдөө хүрэхийн тулд таны эхний зорилт бол хүссэн мэдээллээ боловсруулах чадвартай байх хэрэгтэй!
Шинэ Зеланд улсын Оклэнд хотын Эмбасси Инглиш сургуулийн оюутан Б.Жавхлантөгс-н оюутаны зөвлөгөөг хүргэж байна,
МӨРӨӨДӨЛДӨӨ ХҮРЭХИЙН ТУЛД ТАНЫ ЭХНИЙ ЗОРИЛТ БОЛ ХҮССЭН МЭДЭЭЛЛЭЭ БОЛОВСРУУЛАХ ЧАДВАРТАЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ!
Дэлхий хурдацтай даяарчлагдаж байгаа энэ үед бид амьдарч байгаа билээ. Бид мэдээлэлгүйгээр бодож, судалж, шийдвэр гаргаж, ямар нэгэн үйлдэл хийж, үр дүнгээ шинжилж, дараагийн алхмаа тодорхойлж чадахгүй юм. Тэгвэл Дэлхийн 70%-аас дээш мэдээлэл Англи хэл дээр /Google/ байдаг уу? гэвэл хүн бүр тийм ээ гэж хариулна.
Хэрэв тийм бол та Англи хэлийг сурах зорилт өмнөө тавьсан уу? Хэрэв тавьсан бол танд маш олон асуултууд болон асуудлууд тулгарах болно. Ихэнх залуучууд өөрийн одоогийн нөхцөл байдлаа/Potential/ үнэлэх болон ирээдүйд хаана хүрч чадахаа/Mission/ тооцоолоход хангалттай туршлагагүй /Enough experience/ байдаг. Хэрэв тийм бол танд миний багахан зөвлөгөө нэмэр болно гэдэгт найдаж байна.
Миний нэрийг Жавхлантөгс гэдэг. 2017 оны 8-р сард миний бие Шинэ Зеландын Оклэнд хотод Англи хэлийг сурах зорилготой ирсэн. Би гадаадад урт хугацаагаар анх удаа явсан бөгөөд миний бодож байснаас өөр байсан. Үүнд: гадаад хүмүүсийн соёлыг /зан байдал, ертөнцийг үзэх үзэл, дадал, бүтээмж гэх мэт/ амьдрах орчинг нь ойлгохгүйгээр би өөрийн зорилтоо биелүүлж чадахгүйгээ ухаарсан юм /мөнгө болон цаг хугацаагаа алдах аюултай/.
Яагаад гэвэл Англи хэлийг хэрхэн эзэмшсэн талаар дэлхий даяар хүлээн зөвшөөрсөн хэдэн шалгалтууд байдгаас та бүхний мэддэг IELTS буюу International English Language Testing System. Энэхүү шалгалтын үр дүн /certificate/нь таны дараагийн алхамруугаа /коллеж, их сургууль болон ажил/ шилжих хамгийн чухал түлхүүр байх болно. Энэхүү шалгалтын агуулга нь дээр дурдсан Англи хүмүүсийн соёлыг шингээсэн байдаг нь их онцлог санагдсан. Өөрөөр хэлбэл дээр дурдсан соёлуудыг ойлгохгүйгээр маш их үг мэддэг, дүрэмдээ сайн байсан ч хангалттай оноо авах нь хэцүү зүйл юм.
Иймд зорилтоо илүү үр дүнтэй биелүүлэхийн тулд тэдгээр хүмүүстэй хамт амьдарч, ажиллаж, сурах хэрэгтэй.Энэхүү боломжийг олгодог дэлхийн олон орон байдгаас Шинэ Зеландыг би сонгосон юм. Яагаад гэвэл бусад орнуудтай харьцуулахад дараах ерөнхий давуу талууд байна.
Үүнд:
- Монгол хүмүүс цөөхөн амьдардаг/та Монгол хэл сурах гэж ирээгүй/,
- Элчингийн визэд тавигдах нөхцөл, шаардлагууд арай нам,
- Бүх зүйлийг онлайнаар хийх боломжтой,
- Энэ улсад амьдарч буй хүмүүс хууль дүрмээ гайхалтай баримталдаг.
Харин сул талыг би доор дурдсан мэдүүштэй 13 зүйлсийг бичих явцдаа оруулах болно.
- Монголоос энэхүү улсад нэвтрэх виз хүсэхийн өмнө анхаарах зүйлс
- Виз гардсаны дараа анхаарах зүйлс
- Оклэндын онгоцны буудал дээр буугаад өөрийн байрлах газарт хүрэхэд анхаарах зүйлс,
- Утасны дугаар авах,
- Тээврийн хэрэгслээр зорчих болон карт авах, Гүүглийн газрын зураг ашиглах тухай,
- Банканд данс нээх болон банкны карт авах, төлбөрийн системийн товч,
- Татвар төлөгчийн дугаар авах /хэрвээ та ажиллах эрхтэй визтэй тохиолдолд/,
- Хүнсний дэлгүүр болон бусад дэлгүүрийн тухай
- Чөлөөт цаг: аялал, номын сан, сагсан бөмбөг, хөл бөмбөг тоглох болон бусад спортууд, сүмийн үйл ажиллагаа, морин тойруулга спорт машины уралдаан гэх мэт
- Хичээлдээ суух явцад анхаарах зүйлс
- Ажил хайх болон ажил хийх тухай
- Accommodation: Homestay байр түрээслэх болон өрөө хувааж амьдрах талаар
- Нэгтгэл.
Ингээд энэхүү хотод хэлний курс, коллеж болон их сургуулиудад суралцах зорилготой оюутан, залууст дараах өөрийн танилцаж, мэдсэн зүйлсээсээ хуваалцахад таатай байна. Мөн энэхүү 13 зүйлсийн талаар бодит байдлыг товч дурдахдаахэлний бэлтгэлд суралцах гэж буй залууст зориулж бичсэн болно. Танд тодруулах эсвэл ойлгомжгүй зүйлс байвал Гүүглээс болон зуучлагч байгууллагаасаа мэдээллүүдийг авч болно.
Миний амьдралын энэхүү сайхан боломжийг бий болгоход тусалсан “Open Door Foundation”-ны хамт олондоо талархаж байгаагаа илэрхийлж байна.
1.МОНГОЛ УЛСААС ШИНЭ ЗЕАЛАНД УЛСАД НЭВТРЭХ ВИЗ ХҮСЭХИЙН ӨМНӨ АНХААРАХ ЗҮЙЛС
Сүүлийн жилүүдэд Монголын залуучууд гадаад улсад сурах хүсэл эрмэлзэл их болсон билээ. Гэвч виз мэдүүлэхдээ цагийг нь тулгаад алдаж байгаа залуус цөөнгүй тааралдсан. Өөрөөр хэлбэл банкны баталгаа, тухайн улсад сурах, амьдрах төлөвлөгөө, тэдгээрийн нөхцлийг /холбоотой дүрэм, журам/ дутуу судалснаас мөнгө, цаг хугацаагаа алдаж байдаг нь ажиглагдсан.
Энэхүү хэсэгт би доор дурьдсан 2 асуудлыг бичих нь тохиромжтой гэж үзэж байна. Харин бусад асуудлыг зуучлагч байгууллага тань хангалттай хэлж өгнө.
Үүнд:
- Банкны баталгаа,
- Гадаад улсад ажиллах эрхийн тухай.
Банкны баталгаа гэдэг ойлголтыг хүмүүс маш их мөнгө харуулахад л болно гэж үздэг нь буруу ойлголт юм. Энэхүү ойлголтыг /evidence that your money you need while you are living in New Zealand/ элчингийн сайтанд ингэж бичсэн байдаг ба Монголоор орчуулахад Шинэ Зеаландад байх хугацаандаа таньд хэрэгтэй бүхий л мөнгөө батал гэсэн ойлголт юм.
Энэхүү мөнгө нь таны Шинэ Зеаланд-д ирсэн зорилго болон зорилгодоо хүрэх төлөвлөгөөтэй нягт уялдаатай байх ёстой. Онгоцны очих, буцах тийз, сургалтын төлбөр, байрны түрээс ба хоол гэх мэт зардлууд багтана/таныг гадаадад ажиллаад олсон орлогыг тооцохгүй/.
Жишээлбэл: Та 3 сарын хугацаатай сурах төлөвлөгөөтэй байсан гэж төсөөлий. 3 сарын хугацаанд амьдрах түрээсийн төлбөр, хоолны зардал, сургалтын төлбөр гэх мэт зардлууд багтана.
Эдгээр зардлуудаа дансандаа байршуулсан эсэх, энэхүү мөнгөний эх үүсвэр таны зорилгод бүрэн зориулагдах уу? гэдгээ элчинд батлах шаардлагатай гэсэн үг юм.
Гадаад улсад ажиллах эрх нь тухайн улсын засгийн газраас таны сурах гэж буй сургуульд өгсөн үнэлгээтэй нягт уялдаатай байдаг. Хэрэв үнэлгээ өндөр сургуульд та сурхаар төлөвлөж байгаа бол таньд 7 хоногийн 20 цагийн ажиллах эрх өгнө. Харин доогуур үнэлгээтэй сургуульд сурах гэж байгаа бол таньд ажиллах эрх олгогдохгүй. Мөн Шинэ зеаланд-д бэлэн мөнгөний ажлын олдоц бусад улстай харьцуулахад бага байдаг. Иймд анх суралцах гэж буйхэлний сургуулийнхаа тухай сайн судлах хэрэгтэй.
Шинэ Зеаландын виз хүсэх тухай мэдээллийг доорхи линкээр орж үзнэ үү:
https://www.immigration.govt.nz/new-zealand-visas/apply-for-a-visa
2.ВИЗ ГАРСАНЫ ДАРАА АНХААРАХ ЗҮЙЛС
Шинэ Зеаландын цаг агаар манай Монголоос өөр уур амьсгалтай. Ерөнхийдөө бороо их ордог, далайгаар хүрээлүүлсэн учир чийгтэй, салхи ихтэй байна. Иймд та борооны цув, дулаан хувцас сайн бэлдэх хэрэгтэй. Хотууд нь овон товон, гүвээнүүд ихтэй тул өндөр өсгийтэй гутал тохиромжгүй ба пүүз илүү тохиромжтой.
Таны виз гарсан бол тус улсын цагаачлалын албанаас таньд хэрэгтэй мэдээллүүдийг /эмнэлгийн тусламж, ажлын тухай, зарим хуулиуд гэх мэт/ таны и-майлруу явуулах болно. Тэрхүү мэдээлэлтэй сайн уншиж, танилцсан байх ёстой.
Хэрэв та бээжингийн онгоцны буудлаар дамжиж явж байгаа бол бээжингийн онгоцны буудал маш том бөгөөд төөрөх, онгоцноосоо хоцрох аюултай. Иймд онгоцны буудалд явхад хэрэгтэй англи өгүүлбэрүүдийг бэлдээд явах нь таньд илүүдэхгүй.
Google search: conversations at the airport
3.АУКЛАНДЫН ОНГОЦНЫ БУУДАЛ ДЭЭР БУУГААД БАЙРЛАХ ГАЗАРТ ХҮРЭХЭД АНХААРАХ ЗҮЙЛС
Аукландын онгоцны буудалд дээр буухад таньд интернэт байхгүй тул Гүүглийн газрын зураг ашиглаж чадахгүй. Иймд өөрийн байрлах байрны хаягыг хэвлээд биедээ авч явсан байх хэрэгтэй ба онгоцны буудал дээр 24 цагийн мөнгө солих үйлчилгээ ажиллаж байдаг тул өөрт байгаа ам.доллараа Шинэ Зеаланд доллар /NZD/ болгох боломжтой.
Энэ хотод сурч буй залуусаар тосуулж болно. Та өмнө нь ФБ-ээр холбогдоод онгоц буух цагийг тодорхой хэлэх ёстой. Гэвч таныг тосох ёстой оюутан ирэхгүй байх эрсдэл байгаа гэдгийг мартаж болохгүй. Үнийн хувьд хоорондоо тохиролцох хэрэгтэй бөгөөд хотын төвөөс онгоцны буудал хүртэл автобус 20 орчим доллар /нэг хүн-нэг талдаа/ байдаг.
Тосох үйлчилгээ авч болно. Үнийн хувьд 150NZD байдаг.Хамгийн найдвартай хүргэлт гэж бодож байна.
Та өөрөө явж болно. Том, жижиг Автобус, таксины жолоочид өөрийн хаягыг үзүүлэх хэрэгтэй. Тэгээд үнээ тохирох хэрэгтэй.
4.ГАР УТАСНЫ ДУГААР АВАХ
Энэ улсад маш олон гар утасны компаниуд байдаг. Үүнээс 2 degree, Vodafone гэсэн оператор компаниуд найдвартай, олон багц бүтээгдэхүүнтэй байдаг.
Миний хувьд 2 degree-н 20NZD төлөөд сарын турш 1GB дата эрхтэй, сүлжээндээ үнэгүй ярьдаг Carry Over Combo багц зүгээр санагдсан. Доорхи линкээр орж үзнэ үү.
https://www.2degreesmobile.co.nz/
Та өөрийн хамгийн ойр байрлах дурын салбараас очиж дугаараа авах боломжтой. Мөн манай гар утасны систем адил тул Монголоос авчирсан гар утсаа шууд ашиглах боломжтой.
5.ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР ЗОРЧИХ БОЛОН КАРТ АВАХ, ГҮҮГЛИЙН ГАЗРЫН ЗУРАГ АШИГЛАХ ТУХАЙ
Та Шинэ Зеаландын хаана ч явсан автобус, галт тэрэг, усан онгоцоор үйлчлүүлэхдээ AT HOB CARD ашиглах болно. Хэрэв та бэлэн мөнгөтэй бол арай өндөр үнээр үйлчлүүлнэ. Хэрэв таны сургуульд сурах хугацаа 6 буюу түүнээс дээш сарын хугацаатай бол та өөрийн картандаа хөнгөлөлт авах боломжтой.
Та энэхүү картыг супермаркетуудаас худалдаж авах бүрэн боломжтой. Хэрэв хөнгөлөлт авах боломжтой бол өөрийн авсан картыг доорхи линкээр бүртгүүлээд,Queen street Brito Mart-д байрлах галт тэрэгний буудал дээр өөрийн хөнгөлөлтийг бүртгүүлэх боломжтой.
https://at.govt.nz/bus-train-ferry/at-hop-card/
Өөрийн пасспорт, болон оюутны үнэмлэхээ мартаж болохгүй.
Аукланд хот маш олон гудамж, зам дүүрэгтэй. Иймд таньд хаана ч явсан Гүүглийн газрын зураг ашиглах хэрэгцээ үүсдэг. Өөр дүүрэгт ижил нэртэй гудамж байхыг үгүйсгэхгүй тул хайлт цэсэн дээрээ хаягыг бүтэн оруулж өгөх нь найдвартай. Мэдээж та ухаалаг гар утсаа болон power bank –аа биедээ авч явахаа мартаж болохгүй.
6.БАНКИНД ДАНС НЭЭХ БОЛОН БАНКНЫ КАРТ АВАХ, ТӨЛБӨРИЙН СИСТЕИЙН ТОВЧ
Бүх банкууд нэгдсэн дансны дугаарлалттай.
Банкны код-салбарын код-дансны дугаар-дэд дансны дугаар /ХХ-ХХХХ-ХХХХХХХ-ХХ/гэсэн 15 тооноос бүрдсэн байдаг. Энэхүү дансны бүтцийг мэдэж байснаар Монголоос банк хооронд мөнгө шилжүүлэхэд хэрэг болно.
Та өөрийн сонгосон банкинд данс нээлгэж болох ба данс шинээр нээхэд заавал наана нь цаг авдаг бөгөөд ажлын 3-5 хоног байх нь элбэг байдаг. Та дансаа шинээр нээлгэхдээ:
- Пасспорт,
- Гэрийн хаяг /түрээсийн гэрээ эсвэл хоместай-н мэдээлэл/ гэх мэт бичиг баримтуудаа авч очих ёстой.
Данс шинээр нээгдэхэд 2 данс үүсдэг. Эхний данс нь таны картын данс, 2-дахь данс нь онлайн данс буюу хуримтлалын данс байна. Та өөрийн мөнгөн зарлагаа гар утасны апп ашиглан улирдах боломжтой. Карт дээрээ нэрээ бичүүлнэ гэвэл ажлын 3 өдрийн дотор, нэрээ бичүүлэхгүй бол өдөртөө карт чинь таны гар дээр ирнэ.
Та картаар төлбөр тооцоо хийхдээ Пос терминал машины доод талд нь картаа шургуулан 1 буюу CHQ гэдэг товчийг дарах бөгөөд энэ нь таны дебит картын данснаас зарлага гаргана гэсэн утгатай байдаг. Үүний дараа өөрийн 4 оронтой нууц дугаарыг оруулан гүйлгээг гүйцэтгэнэ.
Монголоос таны банкны дансруу мөнгө шилжүүлэхэд ажлын 1-3 хоногийн дотор ирдэг.
Банкинд данс нээлгэж дууссаны дараа таньд цаасан карт өгнө / манай жолооны үнэмлэх шиг хэмжээтэй/ . Энэхүү карт дээр таны дансны дугаарууд, нэвтрэх нэр, нууц үгийг бичсэн байх болно.
APP STORE: тухайн банкныхаа нэрийг бичээд банкны апп суулгана. Апп-руу нэвтэрхэд таниас дараах 2 мэдээллийг шаардана:
- Нэвтрэх нэр: Харилцагчийн код
- Нууц үг: Таны нууц үг /4 оронтой кодоос өөр/
Нэг удаа дээрхи 2 зүйлсийг бичнэ. Тэрнээс хойш нэвтрэх бүрт таниас 4 оронтой кодыг асуух болно. Харин гүйлгээ хийхэд нууц үг хэрэглэхгүй.
Онлайнаар худалдан авалт хийхэд PAY PAL ашигладаг. Энэхүү төлбөрийн систем нь таны картын дугаар болон картын арын хэсэгт байрлах 3 оронтой тоог ашиглан төлбөрийг гүйцэтгэдэг. Товчоор хэлбэл цахим түрийвч гэсэн утгатай байна.Энэ талаар дэлгэрэнгүйг мэдээж Гүүглээс хайж болно.
7.ТАТВАР ТӨЛӨГЧИЙН ДУГААР АВАХ /ХЭРВЭЭ ТА АЖИЛЛАХ ЭРХТЭЙ ТОХИОЛДОЛД/
Шинэ Зеаландад бизнес эрхэлж байгаа иргэн болон аж ахуй нэгжүүд өөрсдийн хуулиа сайн баримталдаг. Иймд та орлого олсон л бол татвар төлөх ёстой болно. Энэхүү татвар төлөгчийн дугаарыг IRD / Inland revenue/ гэж нэрлэдэг.
Банкинд данс нээлгэсэн даруй та өөрийн татвар төлөгчийн дугаарыг авах ёстой. Учир нь 7-14 хоногийн дотор энэхүү дугаар таны и-майл болон шуудангаар ирдэг бөгөөд энэхүү дугаар гарсны дараа таны ажиллах эрх үүсдэг.
Queen street Civic center- н хойно Inland revenue-н төв байрладаг.
IRD NUMBER APPLICATION – NON RESIDENT/OFFSHORE INDIVIDUAL гэсэн маягтыг бөглөх ёстой. Линкийг дарж маягттай танилцаарай.
https://www.ird.govt.nz/resources/9/f/9f89c76d-f047-4bac-a153-83454206dd54/ir742.pdf
Энэхүү маягт нь шинэчлэгдсэн байх магадлалтай тул дээр дурьдсан төв дээр очиж лавлаж асуугаарай. Энэхүү маягт нь таны ямар бичиг баримт хавсаргах ёстойг заагаад өгсөн байгаа.
Таны төлөх татварын хувь хамгийн багадаа 15% байна/засгийн газрын шийдвэрээр энэ хувь өөрчлөгдөх боломжтой/.
8.ХҮНСНИЙ ДЭЛГҮҮР БОЛОН БУСАД ДЭЛГҮҮРҮҮДИЙН ТУХАЙ
Аукланд хотын хувьд дараах том хүнсний дэлгүүрүүд байдаг.
- Pak n save,
- Countdown гэх мэт.
Энэхүү дэлгүүрүүд хамгийн олон салбартай бөгөөд нийтлэг хүнсний бүтээгдэхүүнүүддээ байнга хямдрал заралж байдаг.Жишээлбэл дунджаар 1 кг мах 11-30 NZD байдаг бол 1 кг мах 6.99NZD хямдарсан мах байдаг. Энэхүү хямдарсан бүтээгдэхүүн дээр Special гэсэн шар хуудас наалттай байгааг та харах болно.
Энд сурч буй гадаад оюутнууд ихэвчлэн Onehunga дүүрэгт байрших Dress mart гэдэг дэлгүүрээс хувцас авдаг. Энэхүү дэлгүүр нь маш олон брандын Outlet дэлгүүр гэж ойлгож болно.
Queen street болон Newmarket гэсэн нэртэй 2 том худалдааны гудамж байдаг. Та энэ 2 гудамжаар маш олон удаа явах болно. Онлайн дэлгүүрүүдийн хувьд үнэ хямд ч эрсдэлтэй гэдгийг та мэдэж байгаа байх.
Энэ дэлгүүрүүдийн байршлийг та Гүүглийн газрын зургаас хайна.
9.ЧӨЛӨӨТ ЦАГ
Энэ хотод чөлөөт цагаа өнгөрөөх маш олон газар байдаг. Үүнд номын сан, цэцэрлэгт хүрээлэн, далайн эргүүд, музей, дурсгалт газрууд, фитнес заал, бясалгалын төвүүд, хөлбөмбөгийн талбай, сагсан бөмбөгийн талбай, бусад спортын клубууд, морин тойруулга, спорт машины уралдаан гэх мэт нэг дор олон сайхан газрууд төвлөрсөн байдаг.
Та Гүүглийн газрын зураг ашиглан хаашаа очхыг хүссэн тэр газарлуугаа явах бүрэн боломжтой.
Энд жилийн турш мөнх ногоон байдаг учраас цэцэрлэгт хүрээлэнгүүд мод, цэцэг, навчаар дүүрэн байдаг. Мэдээж та тэнд гүйж, дасгал хийж болно.
Шинэ зеаланд бол Регби спортын өлгий нутаг бөгөөд үндэсний спорт нь юм.
Аукланд хотод морин тойруулгын 2 том хүрээлэн байдаг. Энэ 2 газар хотын төвөөс нээх холгүй байдаг. https://www.nzracing.co.nz/Home.aspxэнэхүү линкээр хаана ямар уралдаан болхыг сонирхож болно.
Та бүхэн машин тоноглож унах, дрифт тэмцээн сонирхдог бол Шинэ зеаланд бол Япон улсын дараа ордог 2 дахь том орон юм. Ихэвчлэн уралдаан, үзэсгэлэнгүүд нийслэл хот болох Wellington-д зохион байгуулагддаг. https://d1racing.co.nz/Энэхүү линкээр орж сонирхоорой.
Та бүхэн Бөгжний эзэн, Хоббит гэх кинонуудыг андахгүй байх. Энэхүү киноны найруулагч Peter Jackson нь Шинэ Зеаландэр хүн юм. Эдгээр кинонуудын олон зураг авалтууд Шинэ Зеаланд-д авагдсан бөгөөд Хоббитуудын тосгон Аукланд хотоос холгүй байдаг.
Та бүхний сургуулиуд дээр долоо хоног бүр аялал зохион байгуулагддаг ба бүхий л аялалуудын брошурууд ханын самбарт өлгөөтэй байхыг олж харна.
Мөн та ямар нэгэн газраар үйлчлүүлэхдээ оуютны хөнгөлөлт байгаа эсхийг лавлаж байгаарай. Зарим газрууд оюутны багц, хөнгөлөлтүүдтэй байдаг. Та аялахдаа машин түрээслэх хэрэгцээ үүсвэл машин түрээслэдэг байгууллагууд нь машины бүрэн бүтэн байх барьцаа болгож таны зээлийн картыг асууна, харин та өөрийн олон улсын виза гартаа үзүүлээрэй.
10.ХИЧЭЭЛДЭЭ СУУХ ЯВЦАД АНХААРАХ ЗҮЙЛС
Таны ихэнх багш Шинэ Зеаланд эсвэл Австрали хүн байна. Тэд өөр өөрийн гэсэн арга барилтай, зан байдалтай байдаг бөгөөд энэ нь таны ойлгох ёстой чухал зүйлийн нэг. Таньтай маш олон ази оюутнууд нэг ангид орох нь элбэг байна. Тэрэнд бүү санаа зовоорой. Тэд ч бас өөр өөрийн гэсэн зан байдал, соёлтой байдаг тул үл ойлголцох асуудлууд тулгархыг үгүйсгэхгүй.
Англи хэлний курсэд суралцах явцад таны түвшингээс хамааран хичээлийн чинь хөтөлбөр өөр өөр байна. Англи хэлийг сурхад бичих, унших, сонсох, ярих гэсэн үндсэн 4 бүлэгтэй байгааг та бүхэн мэднэ.
Өдөр бүр өдрийн тэмдэглэл хөтлөөд маргааш өглөө нь багшдаа заавал шалгуулж байх хэрэгтэй.
Хичээл дээрээ ч, гадуур явсан ч Монгол хэлээрээ ярихгүй байхыг хичээх хэрэгтэй ба таниас илүү англи хэлний чадвартай найзтай болохыг хичээгээрэй.
Өдөр бүр өөртөө сонин унших зав гаргаарай. Сонинд эдийн засаг, спорт, байгаль, ан амьтан гээд бүх төрлийн товч мэдээнүүд тавигдсан байдаг нь таны олон салбарын үгийн баялагтай болоход тусална.
Өдөр бүр орчуулгагүй, бичвэргүй кино, CNN гэх мэт шуурхай телевизын мэдээнүүдийг үзэж байх хэрэгтэй. Та ойлгохгүй гэж бүү бодоорой. Хүн бол хамгийн хурдан дасан зохицох чадвартай амьтан шүүдээ.
- АЖИЛ ХАЙХ БОЛОН АЖИЛ ХИЙХ ТУХАЙ
Аукланд хот нь аялал зуучлалын том хот учраас хоолны газрууд их байдаг бөгөөд гал тогоонд, эсвэл цэвэрлэгчийн ажил олдох нь элбэг.
Ажил хайхад таньд өргөдөл /Cover letter/, таны дэлгэрэнгүй мэдээлэл /CV/ 2 хэрэгтэй болно. Хамгийн чухал дурьдах ёстой зүйлс бол таны англи хэлний түвшин, туршлага 2 байдаг. Ажил олгогч тань тэрийг л харна. Иймд Англи хэлний түвшин муу байх юм бол ажил олдход хэцүү болдог гэдгийг анхааруулмаар байна.
Ажил хийхэд та ажлын бүхий л зүйлтэйгээ сайтар танилцсан байх ёстой. Зарим газрууд 7 хоног цалингүй сургалт хэлбэрээр ажлуулдаг. Үүнд бүү санаа зовоорой. Та хаана юу байгаа, юу хийх ёстойгоо маш сайн мэдэх юм бол таньд болон ажил олгогчид чинь амар байх болно.
Цалинг 7 хоног бүр олгох бөгөөд таны цахим хаягруу ажилсан цаг, суутгасан татвар гэх мэт мэдээлүүдийг багтаасан тайланг илгээж байдаг. 7 хоногт 20 цаг ажиллах эрхтэй гэсэн бол яг л 20 цагтаа ажиллах хэрэгтэй.
12.АМЬДРАХ БАЙРНЫ ТУХАЙ
Хоместай буюу айлд амьдрах нь маш олон давуу талтай байдаг. Анх удаа энэхүү хотод ирж байгаа оюутны хувьд хэлний болон газар мэдэхгүй байх бэрхшээлүүд тулгардаг. Энэхүү бэрхшээлд таны гэрийн эзэн таньд тусална. Дийлэнх гэрийн эзэд европ хүмүүс байдаг бөгөөд өдөрт таньд нэг удаа хоол хийж өгдөг. Бусад үед та өөрөө хөргөгчнөөсөө дуртай зүйлсээ идэж болно.
7 хоногийн дундаж төлбөр нь 250-300NZD байдаг ба энэхүү үнэнд тог, цахилгаан, ус, интернэт /хязгааргүй/, хоол багтсан байдаг. Энэхүү үнэ нь ганцаараа амьдарсанаас хавьгүй боломжийн үнэ гэдгийг ойлгох хэрэгтэй.
Тусдаа байр түрээсэлж амьдарч болно. Оюутнууд голцуу хотын төвд нийтийн байранд амьдархыг илүүд үздэг. Дундаж үнийн хувьд 250-400NZD байдаг бөгөөд тог, цахилгаан үнэнд багтсан байх нь элбэг байдаг. Харин хоол, интернэтээ та өөрөө төлөх ёстой..
Гар утасны оператор компаниуд интернэт санал болгодог. Гэвч энэхүү компаниудын сүлжээг түрээсэлж буй байрны менежер нэвтрүүлэх дургүй байдаг бөгөөд өөрсдийн интернэтийг санал болгодог. Энэ нь таньд зардалгүй, амар байх болно.
Байр түрээсэлдэг оюутнууд ихэвчлэн 1 өрөөнд 2 эсвэл 3-уулаа хамт амьдрах нь элбэг байдаг. Түрээсээ хувааж төлснөөр таны зардал хэмнэгдэх хэдий ч тав тух, хичээлээ хийх орчин муудах талтай.
https://www.trademe.co.nz/энэхүү сайт нь түрээслэх байр болон хамтран амьдрагч /roommate/ хайхад тус болно.
13.НЭГТГЭЛ
Дээр дурьдсан 12 зүйл нь таны англи хэл сурах, гадаад улсад амьдархад ерөнхий ойлголт өгсөн гэдэгт найдаж байна.
Цаашид таньд бие өвдөх, визээ сунгах гэсэн 2 том асуудлууд тулгарах магадлалтай.
Бие өвдөх тохиолдолд та өөрийн сургуулийнхаа оюутан хариуцсан хүнээс хэрхэн эмнэлэгт үзүүлэх тухай зөвөлгөө аваад эмнэлэгтээ үзүүлэх ёстой ба таны анх төлсөн даатгалын нөхцлийн дагуу та үйлчилгээ авах эрхтэй гэдгээ мартаж болохгүй. Анх таны виз гарахад элчингээс ирсэн цахим шууданд эмнэлэгт үзүүлэх тухай заавартай сайн танилцсан байх ёстойг дээр дурьдсан байгаа.
Виз сунгах тухайд өөрийн агентаас зөвөлгөө авсны дагуу онлайнаар виз сунгах хүсэлтээ мэдүүлнэ. Та өөрөө энэхүү хүсэлтийг өгч болох хэдий ч таньд эрсдэлтэй гэдгийг санаарай.
Та бүхэнд хандаж хэлэхэд туршлагатай, нэр хүндтэй зуучлалын байгууллагаар хандаж үйлчлүүлэх нь таны маш олон эрсдлээс хамгаалах суурь болно шүү. Нэмээд та өөрийн хэтийн зорилгыг маш сайн тодорхойлж, түүндээ хүрэх чин хүсэл эрмэлзэлтэй байх хэрэгтэй. Тэрхүү зорилгоо өөрийн зуучлагч байгууллагадаа хэлэх нь таны замыг зөв чиглүүлэхэд тус болох болно.
Та бүхэнд сурлагын өндөр амжилт хүсье
Leave a Reply