Тэргүүнбаатарын Энхтуул: Ээж аав 2 минь надад аливаа зүйлд тууштай байхыг сургасан
Америкийн нэгдсэн улсын Вашингтон хотын Johns Hopkins University, Carey Business School-д Business Administration мэргэжлээр сурдаг 3-р курсын оюутан Тэргүүнбаатарын Энхтуул-н зөвлөгөөг хүргэе.
Сургууль дээр анх ирээд төрсөн сэтгэгдэл: Community college-оос шилжиж ирсэн хүний хувьд маш өөр уур амьсгал угтаж авсан. Өөртөө баярлах сэтгэгдэл төрсөн. Мөрөөдөл минь биелэж том гүрний нийслэлд тэгээд яг хүсэж байсан сургуулийнхаа анги танxимд орж ирчихсэн зогсож байгаа минь итгэмээргүй ч юм шиг санагдаж байсан.
Сургуулийн чинь хамгийн таалагддаг зүйл: Манай анги 10 хүүхэдтэй, цөөхүүлээ болохоор их өрсөлдөөнтэй, бие биеэ бүрэн сонсож, ойлголцдог. Багшийн зүгээс ч тэр оюутнуудтайгаа тулж ажиллах боломж илүүтэй нь их таалагддаг. Манай багш нар багаар ажиллах чадварыг хөгжүүлэхэд их анхаарч ажилладаг. Тийм болохоор бидний дотор сул сурлагатай оюутан байдаггүй. Бүгд л илүү ихийг мэдэхийг хүсдэг, өөрийгөө хөгжүүлдэг.
Таны хамгийн дуртай багш: Roger Staiger, Finance
Таалагдах учир шалтгаан: Багш маань нь оюутан болгоноо амжилтанд хүрээсэй гэж хүсдэг. Өөрийн хүрээллийн хүмүүстээ оюутнуудаа танилцуулж ажил олох, нийгэмд байр сууриа эзлэхэд нь туслах гэж чармайдаг. Бидэнд ойлгохгүй зүйлээ санаа зоволгүй асууж байхыг үргэлж сануулдаг. Хичээлээ сайн заахын хажуугаар оюутнуудаа бүх талаар дэмжиж урамшуулдагт нь их баярладаг.
Сургуулийн нэмэлт дэмжих үйлчилгээний талаархи таны бодол: Сургуулийн үйлчилгээ бүх талаар сайн. Долоо хоног болгон оюутнуудад хичээлээс гадуур сэдвээр сургалт зохион байгуулдаг. Бараг л өдөр бүр гэж болно, гаднаас нэр төртэй бизнес эрхлэгчид, төр, нийгмийн ажил эрхлэгч хүмүүсийг урьж оюутнуудтай уулзалт зохион байгуулдаг. Энэ нь бидэнд зорилгоо тодорхойлоход их хэрэгтэй санагддаг. Манай сургууль ер нь оюутнуудаа идэвхжүүлэхэд анхаарч идэвхтэй оюутан, бие хүн байхыг дэмждэг.
Ирээдүйн оюутнуудад өгөх таны зөвлөгөө: Өөрийн ойрын ирээдүйн төлөвлөгөө гаргаж, тавьсан зорилгодоо хүрэх зүйлийг өдөр бүр бага, багаар хийхийг хичээх нь зөв санагдсан.Хувийн тэмдэглэлийн дэвтэртээ эсхүл хувийн календартаа өдөр бүр уулзсан хүн, ярьсан яриа, сонсож мэдсэн шинэ зүйл, шинэ танилуудынхаа хаяг, бусад хэрэгтэй мэдээллүүдийг тэмдэглэн бичиж байх нь хожим хэрэг болдог гэж ойлгосон.
Ээж аав 2 минь надад аливаа зүйлд тууштай байхыг сургасан, эхэлсэн зүйлээ дундаас нь орхих, олон зүйлд сэтгэл хоёрдох аль аль нь хүний амжилтанд нөлөөлдөг болохоор өөрийн хүсэл сонирхол, өөрт байгаа боломжоо ашиглан мэргэжлээ сонгох, өөрийгөө бүх талаар хөгжүүлэх гэж тууштай чармайвал заавал амжилтанд хүрнэ гэж зөвлөмөөр байна.
Leave a Reply